ЭРСДЭЛТЭЙ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРСАН ҮЗЛЭГ, ХЯНАЛТ-ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 10 дугаар албан даалгавар “Уул уурхайн үйл ажиллагаанд байгаль орчин, хүний аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай”, Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын 2026 оны 3 дугаар тушаалаар батлагдсан Нэгдсэн удирдамжийн хүрээнд Хархорин суманд хамтарсан үзлэг, хяналт-шалгалтын ажил зохион байгуулагдаж байна.

Үзлэг, хяналт-шалгалтыг сумын Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, “ЭБЦТС” ТӨХК, “Хархорин Ус суваг” ХХК хамтран 5 чиглэлээр хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд нурж балгас болсон 11 барилгын эздийг тогтоож, улсын байцаагчийн албан шаардлагын хариуг баримтаар баталгаажуулан ирүүлэх, үр дүнг тооцох ажлыг эхлүүллээ.

Мөн онгорхой траншейний нүхний тоо хэмжээг гаргаж, 31 траншейний тагийг засварлуулахаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлж, засварын ажлын эхлүүллээ.

Түүнчлэн “ЭБЦТС” ТӨХК-тай хамтран цахилгааны ил утас, иргэдийн аюулгүй байдалд эрсдэл үүсгэж болзошгүй нөхцөл байдалд хяналт тавьж, нийт 3 цэгт илэрсэн зөрчлийг арилгуулах үүрэг чиглэл өгч, эргэн хяналт тавихаар ажиллаж байна.

Орхон голын эрэг дагуу хүн ихээр цуглардаг, үерийн эрсдэл бүхий 5 цэгт урьдчилан сэргийлэх, анхааруулах самбар байршуулах, үерийн өндөр эрсдэлтэй нөхцөл үүссэн үед голын эргээр эргүүл ажиллуулах, услалтын суваг дагуу 2 хэсэгт хайсыг гүйцээн барих ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Замын ажлын явц, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах чиглэлээр хяналт хийж, төлөвлөсөн ажлыг шуурхай гүйцэтгүүлэх, үр дүнг тооцох зорилгоор хариуцсан аж ахуйн нэгж, иргэдэд мэдэгдэл болон улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж, зөрчлийг арилгуулан биелэлтийг хангуулах ажлыг эхлүүлээд байна.

Иргэд та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, эрсдэлтэй орчин нөхцөл илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагад мэдэгдэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд идэвхтэй хамтран ажиллана уу.