Монгол, Японы найрамдалт харилцааны үндсэн дээр тус 2 орны эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд 2017 оноос эхлэн хамтарсан сургалт судалгаа, хурал зөвлөгөөнийг зохион байгуулж ирсэн. Энэхүү ажлын үргэлжлэл болгож өнөөдөр Такашима арлаас илэрсэн биет олдворын гэрэл зургаар үзэсгэлэн дэглэж нийтэд сонордуулав. Үзэсгэлэн 20 гаруй гэрэл зураг, видео контент , биет олдворуудаас бүрдэж, Хубилай хааны Японд довтолсон түүхэн үйл явдлын талаар цогц мэдээллийг агуулсан үзэсгэлэн болов. Такашима арлын дурсгал нь Юан гүрний үед холбогдох Хубилай хааны усан цэргийн түүхийг илтгэх биет олдвор олдсон дурсгалт газар бөгөөд далайн археологийн малтлага судалгаагаар тухайн үеийн эдлэл хэрэглэл, зэр зэвсэг гэх мэт зүйлүүд өнөөг хүртэл олдож байгаагаараа чухал судалгааны хэрэглэгдэхүүн болдог юм. Далайн археологийн судалгаанд Монголын судлаачид анх удаа оролцож, Япон Улсын Такашима арлын орчмын усан доорх археологийн малтлагаас илэрсэн үнэт олдвор, шинжлэх ухааны баримт материалуудыг хамтран судлах боломж бүрдсэн нь манай улсын археологийн шинжлэх ухаанд төдийгүй Монголын эзэнт гүрний түүхийг нарийвчлан судлах чухал алхам болов. Тус үзэсгэлэнг хамтран зохион байгуулсан ССАЖЗЯ ны харьяа СӨҮТ, Япон Улсын Мацү-Үра хотын музей болон Усан доорх археологийн судалгааны төв, Кокүгакүин их сургуулийн хамт олонд гүн талархал илэрхийлье. #Хархорум_музей #СоёлынӨвийнҮндэснийТөв