ХАРХОРИН СУМЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ТОГТВОРТОЙ ӨСӨЛТ ҮЗҮҮЛЖ БАЙНА.

Хархорин сумын аялал жуулчлалын салбар сүүлийн таван жилийн хугацаанд тогтвортой өсөлт үзүүлж, 2025 оны байдлаар нийт жуулчдын тоо 78,053-д хүрлээ. Энэ нь 2020 онтой харьцуулахад нийт жуулчдын урсгал 2.3 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

2025 оны жилийн эцсийн дүнгээр гадаадын жуулчдын тоо 35,440, дотоодын жуулчдын тоо 42,613 болсон нь Хархорин сумын түүх, соёлын өв, байгалийн үзэсгэлэнт тогтоц, аяллын шинэ чиглэлүүд жуулчдын сонирхлыг тогтмол татаж байгааг харуулж байна.

Хархорин суманд одоогоор 24 жуулчны бааз үйл ажиллагаа явуулж, нийт 8 зочид буудал жуулчдад үйлчилгээ үзүүлж байна. Мөн Эрдэнэ Зуу хийд болон Орхоны хөндийн түүх, соёлын дурсгалт газрууд, орон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоо, үйлчилгээний хүртээмж нэмэгдсэн нь аялал жуулчлалын хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна.

Аялал жуулчлалын мэдээ мэдээллийг тогтмол хүргэсээр байх болно.