“СЭТГЭЛИЙН ГОО БҮСГҮЙЧҮҮД” ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Сэтгэлийн гоо бүсгүйчүүд” баярын үйл ажиллагаа Соёлын төвд амжилттай зохион байгуулагдлаа.

Арга хэмжээний үеэр оролцогчдод зориулсан сонирхолтой илтгэлүүдийг танилцуулсан бөгөөд:

• Эрдэнэзуу хийдийн Гэсгүй лам Ч.Гонгор “Дарь эх бурхны үйлс зохионгуй”

• “Дэлгэрэх бүтээмж” ТББ-ын тэргүүн Л.Цэвээнжав “Эмэгтэй та амьдралын үндэс”

• Иогийн багш Ч.Пүрэвсүрэн “Өөрийгөө хайрлахуй” сэдвээр тус тус илтгэл тавьж оролцогчдод урам зориг, үнэ цэнтэй зөвлөгөө хүргэлээ.

Мөн энэ үеэр салбарын болон төрийн дээд шагналаар шагнагдсан иргэдэд шагналыг ёслол төгөлдөр гардуулж, хөдөлмөр бүтээлийг нь үнэлэн хүндэтгэл үзүүллээ.

Түүнчлэн 2026 онд “Улсын аварга малчин” цол хүртсэн Орхон багийн малчин Л.Болормаа, Улсын шилдэг газрын даамлаар шалгарсан А.Норпил, 2025 оны улсын төрөлжсөн олимпиадад багш нарын төрөлд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн ерөнхий боловсролын Орхон сургуулийн технологийн багш Д.Баасанжаргал нарт сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ.

Мөн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Ижий ертөнц” захидлын уралдаанд нийт 18 захидал ирснээс шалгарсан тэргүүн байрны захидлыг арга хэмжээний үеэр уншиж, оролцогчдын сонорыг мялаасан юм.

Баярын үеэр мэндчилгээ дэвшүүлж, уран бүтээлээрээ арга хэмжээнд өнгө нэмсэн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хөгжим бүжгийн багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Нийт эмэгтэйчүүд, бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг дахин өргөн дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сайхан баярлаарай!

Засаг даргын Тамгын газар