Дэлхийн зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах өдрийг тохиолдуулан Хархорин сумын Засаг даргын Тамгын газар болон Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хамтран зэрлэг ан амьтдыг хамгаалах, тэдний идэш тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор биотехникийн арга хэмжээ зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд Баянзүрх хайрхан, Их Эрээн уулын орчимд нутагшдаг буга, согоо зэрэг зэрлэг амьтдад зориулан 4 цэгт нийт 50 боодол өвс, 1000 кг хужир байршуулж, идэш тэжээл болон эрдэсийн дэмжлэг үзүүлэв. Энэхүү ажил нь зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах, хүнд үед тэдний тэжээлийн хэрэгцээг хангахад чухал ач холбогдолтой бөгөөд цаашид байгаль хамгаалах чиглэлээр хамтран ажиллах ажлуудыг тогтмол зохион байгуулах юм.