АВТОТЭЭВРИЙН 100 ЖИЛ, 34 ДҮГЭЭР БААЗЫН 50 ЖИЛИЙН ОЙН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монгол Улсад автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Хархорин дахь автотээврийн 34 дүгээр баазын 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх уулзалт, өдөрлөгийн арга хэмжээ 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Түүхт ойг тохиолдуулсан арга хэмжээнд тус баазад ажиллаж байсан үе үеийн жолооч, инженер техникийн ажилтнууд, ахмадууд болон тэдний гэр бүлийн төлөөлөл, салбарын залуу ажилтан албан хаагчид өргөнөөр оролцлоо.

Арга хэмжээний онцлох үйл явдал нь:

Автотээврийн салбарын түүхэн хөгжлийг харуулсан танилцуулга, дурсамж яриа

Автотээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим ахмадууд, ажилтнуудыг Төрийн дээд одон медаль, салбарын тэргүүний ажилтан цол тэмдэгээр урамшуулсан нь оролцогчдын бахархлыг төрүүлсэн онцлох үйл явдал байв.

Баазын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан 80-аас дээш насны ахмадуудад хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү хүндэтгэлийг тэдэнтэй хамт ажиллаж байсан нөхдийнх нь үр хүүхдүүд гардуулан хүргэснээр үе үеийн холбоо, хүндлэлийг илэрхийлсэн сэтгэл хөдөлгөм агшин болж өнгөрөв.

Энэхүү түүхэн арга хэмжээ нь автотээврийн салбарын бахархал, залгамж чанарыг бататгаж, хамтын дурсамж, хүйн холбоог дахин сэргээсэн үнэ цэнэтэй уулзалт байлаа.