АНУ-д төвтэй “Холт Интернэшнл” төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын Хүүхдийн хоол тэжээлийн хөтөлбөрийн зохицуулагч Г.Майжаргал нь Хархорин суманд хүүхдийн хоол тэжээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд сургалт мэдээлэл, дэмжлэгийн үйл ажиллагаа зохион байгуулахаар боллоо. Тус хөтөлбөрийг “Энэрэл Хархорин” өрхийн эрүүл мэндийн төв, “Солонго” төв, Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн Хүүхдийн хөгжлийг дэмжих анги зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд сургалт нь тусгай хэрэгцээт болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, бага насны хүүхдүүдийн өсөлт, хөгжил, хооллолт, хоол тэжээлийн чанарыг сайжруулахад чиглэж байна. Мөн “Энэрэл Хархорин” ӨЭМТ-д 1550 ам.долларын өртөг бүхий хүүхдийн өсөлт болон цус багадалтын хяналтын багаж, зогсдог жин хэмжигч, дижитал дэлгэцтэй цэнэглэгч, хемокю аппаратыг оношлуурын хамт хандивлалаа. Энэхүү дэмжлэг нь сумын хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, тэдний өсөлт хөгжилд чиглэсэн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах чухал алхам болж байна.