“АЛТАН СОЁМБО”ДОО ГЭРЭЛТҮҮЛЭГ ХИЙЛЭЭ Энэхүү Алтан соёмбыг Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 370 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ойд зориулан 2006 онд МУЗГ-аас бүтээн босгосон юм. Соёмбо сүндэрлэн буй хойд, урд Ноёхон хэмээх газар нь эрт үед хаад ноёдын өвөлжөө байснаас “Ноёхон” хэмээн нэрлэсэн гэж нутгийн иргэд өгүүлдэг. Соёмбо нь Алтан ургийн Түшээт хан Гомбодоржийн хүү Өндөр гэгээн Занабазарын 1686 онд зохиосон үсэг бөгөөд Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг билээ. Уг Алтан соёмбыг бүтээн босгосноос хойш засварлаж байгаагүй бөгөөд 2017 онд “Тэнгэрийн мандал” цэцэрлэгт хүрээлэн иргэн Ж.Ганбаатар, О.Лхамсүрэн нарын санаачилгаар 108 өрхтэй хамтран Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Соёмбо үсэг зохиогдсоны 333 жилийн ойг тохиолдуулан сэргээн засварлаж ЗДТГ-т хүлээлгэн өгч байсан юм. 2025 онд Тэнгэрийн мандал цэцэрлэгт хүрээлэнгээс санаачлан сум орон нутгийн шинээр сонгогдсон удирдлагууд болон иргэдтэй хамтран гэрэлтүүлэгтэй болголоо. Цаашид ард иргэд та бүхэнтэй хамтран Алтан Соёмбынхоо тохижилтын ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. ТӨРИЙН МИНЬ НОЁН НУРУУ ТҮВШИН БАЙЖ ТҮМЭН ОЛОН АМГАЛАН БАЙГ ЭЭ. ИТХ-ын ажлын алба