Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 113 жилийн ойн баяр боллоо.

2024.12.29.

1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-нд Монгол Улсын түүхэнд онцгой чухал өдөр тохиосон нь 200 гаруй жил үргэлжилсэн Монголчууд Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон, үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан явдал юм.

Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялснаар төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцэл биеллээ олж, өнөөгийн бидний эрх чөлөөт амьдрал эхэлсэн түүхтэй.

Энэ л түүхэн өдөр эрх, эрх чөлөөний бэлгэдэл болж, хөх тэнгэрт мандсан түүхэн далбаа манай ШАНХЫН БАРУУН ХҮРЭЭ ХИЙДЭД хадгалагдаж байна.

Тус далбааг үндэсний эрх чөлөөний түүхт энэ өдөр уламжлал болгон мандуулдаг юм.

Түүхт энэ өдрийг мэндийг Хархоринчууддаа хүргэн, эх орон, эх дэлхийгээ хайрлах, түүхээ судлах, уламжлал , ёс заншлаа дээдлэх, хүүхэд багачууддаа сурталчлан таниулах, эе эвийг эрхэмлэхийг уриалж байна.

Засаг даргын Тамгын газар