card

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Монгол улсын түүх, соёлын өлгий, байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий Орхоны хөндий дэх эртний Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурийн залгаа байрлана. /Хархорин хот нь анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1956 оны 4 дүгээр сарын 13-ний өдрийн 256 дугаар тогтоолоор үр тарианы чиглэлийн “Хархорин” нэртэй сангийн аж ахуй байгуулагдсан.
        1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Өвөрхангай аймгийн Засаг даргын 1992 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн 47 дугаар захирамжаар сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааг  сумын Засаг даргын Тамгын газар нэртэйгээр өөрчлөн байгуулсан.

Хүн амын тоогоор Өвөрхангай аймгийн 19 сумаас эхнээсээ 2-д, газар нутгийн хэмжээгээр 15-д ордог.

           Байршил: 

        Хархорин сум нь монгол орны төв хэсэг Хангайн бүсэд нийслэл Улаанбаатар хотоос баруун зүгт 343 км,аймгийн төв Арвайхээрээс 138 километрийн   зайтай оршдог.  Сумын нутаг дэвсгэрийн баруунаар Архангай аймгийн Хотонт, хойд талаараа мөн аймгийн Хашаат, зүүн урдуур өөрийн аймгийн Бүрд, Зүйл, урд талаараа Хужирт сумуудтай тус тус хиллэдэг.

Газар зүйн онцлог: 

Сумын төвийн байрлал хойд өргөргийн 47,11, зүүн уртрагийн 102, 48 солбилцолд далайн түвшнээс дээш 1460-1500м өндөрт оршдог. Мөн улсын хөгжлийн гол тэнхлэг Мянганы замаас 114 км, бүсийн хөгжлийг тэтгэх босоо тэнхлэгээс 20 км, сумаас бүсийн хойд хилийн гарц Бага Илэнхэн хүртэл 516 км  Өмнөговь аймгийн Шивээ Хүрэн боомт 512 километрт   тус тус байрладаг. Баянхонгор аймгаас 338 км, Булган аймгаас 235 км, Орхон аймгаас 278 км, Архангайгаас 128 км, Мөрөн хотоос 541 километрт оршдог. Хархорин сум нь Хангай Хэнтий уулст их мужийн Хангайн дэд мужийн зүүн хэсэгт хамрагддаг учир гадарга нь ерөнхийдөө нам уулсын байдлаас голын хөндий рүү  шилжих элэгдэл хуримтлалын хэв шинж зонхилсон голын болон голын хурдас  талархаг гадаргад байрладаг. Энэ орчим тэгш хөндийгөөс гадна орчны үнэмлэхүй өндөр цэг суурьшлаас баруун тийш орших Баянзүрх уул 2262м түүнээс хойш, Хангайн овоод 1954м, Их саруул уул 1946м, урд зүгт Вангийн овоо 1735 м, Мэлхий толгой 1606м зэрэг уулсыг нь Орхон голын хөндийгөөр тусгаарлагдах ба баруун талын гадаргын төрх нь өндөрлөг ихэвчлэн боржин чулуулаагаас тогтох тул орой нь хад цохио, сэрвэн, дэл хадан хяр чулуулгийн илэрцүүд элбэг байхад урд талын уул нь нам бөмбөгөр орой налуу хажуутай юм. Нутгийн хойд хэсэг болон зүүн талаар нэлээд талархаг Хөгшин Орхон голын өргөн хөндий үргэлжилнэ. Сумын төв байрших хэсэг талархаг харьцах өндөр багатай тэгшивтэр, урагшлах тусам гадаргын байдал өндөрлөг болдог.

 Цаг уурын нөхцөл: 

Орхон  голын сав дагасан хуурайдуу сэрүүн зунтай, хахир хүйтэн өвөлтэй, орон нутгийн чанартай салхитай.
Ø  1 дүгээр сарын дундаж температур -25о С
Ø  7 дугаар сарын дундаж температур +20о С
Ø  Жилийн дундаж салхины хурд 4,6 м/с
Ø  Жилийн хур тунадасны  нийлбэр 353 мм

 Сумын нийт газар нутгийн хэмжээ 224,116 га бөгөөд үүнээс хөдөө аж ахуйн газар нийт нутгийн 69 хувийг эзэлдэг.

1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Өвөрхангай аймгийн Засаг даргын 1992 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн 47 дугаар захирамжаар сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааг  сумын Засаг даргын Тамгын газар нэртэйгээр өөрчлөн байгуулсан.

Засаг захиргааны 8 багтай 3606 өрхтэй үүнээс малчин, мал бүхий 1188  өрхтэй.

12130  хүн амтай Үүнээс эрэгтэй-5997, эмэгтэй-6133, хөдөө-3947 (32,5 хувь), төвд-8183 (67,5 хувь).

Хөгжлийн бэрхшээлтэй 803  иргэнтэй, үүнээс эмэгтэй-383, эрэгтэй-420, хүүхэд-55 байна.

Хөдөлмөрийн насны 6847иргэнтэй. үүнээс идэвхтэй ажил хайгч жилд дунджаар 150-180 иргэн байдаг.

2025  онд 293573  толгой малтай.Тэмээ -263 толгой, Адуу-37764 толгой, Үхэр-33549 толгой, Хонь-142422 толгой, Ямаа-79575 толгой байна. Малтай өрхийн тоо

Мах, сүүний чиглэлээр үхрийн , нарийн, нарийвтар ноосны хонь, гахай, зөгийн эрчимжсэн аж ахуй үйл ажиллагаа явуулдаг.

Газар тариалангийн салбарын хувьд сум 22,000 га эргэлтийн талбайтай бөгөөд 32 аж ахуй нэгж, 343 иргэн газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж, аймаг сумын үр тарианы 100 хувь, тэжээлийн ургамлын 80 гаруй хувь, тосны ургамлын 100 хувь, төмс, хүнсний ногооны 70 хувийг хангаж байна.

Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор Онгоцон Ухаа, Жалбаа, Шанх багийг тариалангийн бүс нутгаар тогтоосон нь тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн.

Суманд 300 гаруй  аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас төсвийн болон орон нутгийн өмчит 32 байгууллагад 1000 гаруй албан хаагч ажиллаж байна.Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч 116  иргэн гар урлал, модон эдлэл, оёдол эсгүүр, эсгий эдлэл, мах, махан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс, Хархорин сумын сум дундын Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс- 423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги,  Хархорин сум дахь сум дундын Прокурорын газар, Хархорин сум  сум дундын шүүхийн Тамгын газар  зэрэг хууль хяналтын байгууллага үйл ажиллагаа явуулж хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, нийтийн хэв журам, аюулгүй байдлыг сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, хүний эрхийг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.

Хот дотор 7,7 км хатуу хучилттай авто замтай Авто зам засвар арчлалтын нэгтгэл ТӨХК-ны Хархорин сум дахь салбар, “Хархорин-Ус  суваг ТБОНӨО” ХХК, “ЭБЦТС” ТӨХК-ийн Хархорин салбар, “ЦДҮС”ТӨХК-ийн Хангайн бүсийн Хархорин хэсэг зэрэг дэд бүтцийн байгууллагуудтай.

Төвийн эрчим хүчний системд холбогдсон, 30 мянган оршин суугчтай хотыг  хангах хүчин чадалтай 28,0 километр цэвэр усны, 7,5 километр  ариутгах татуургын шугам, цэвэрлэх байгууламжтай.

Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газар болон Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хоттой холбоотой түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хадгалж, хамгаалах, судлах, сурталчлах, хойч үедээ өвлүүлэн үлдээх  Эрдэнэ зуу музей, Хархорум музей, Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа ажилладаг.

Эрдэнэ Зуу хийд: Монгол оронд оршин тогтнож байсан төв Азийн нүүдэлчин төрт улсуудын өлгий болох Орхоны хөндий, тэр дундаа Их Монгол улсын нийслэл Хархорум хотын туурь дээр 1586 онд байгуулагдсан. Эрдэнэ Зуу хийдийг 1944 онд улсын хамгаалалтад авч сэргээн засварлах ажлыг үе шаттай явуулж өнөөгийн дүр төрхөд оруулан улмаар  1965 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 441 дүгээр тогтоолоор улсын зэрэглэлтэй Шашны Түүхийн Музей болгосон.

Шанхын хийд буюу Баруун хүрээ хийд: 1650 онд байгуулагдсан ба хуучнаар Түшээт хан аймгийн Түшээ гүний хошууны гол хийд байсан.

1654 онд номын Их хүрээ Орхон голын хөндийгөөс Хэнтий уулын өвөр тийш нүүхэд Өндөр гэгээн Занабазар төрсөн дүү Сойвонбилбийдоржид номын хүрээний гол үндсэн хэсгийн хамт судар бичгүүд, түүх дурсгалын холбогдолтой үнэт зүйлүүдийг үлдээж нүүсэн байна.

Ийнхүү баруун талд үлдсэн хийдийн гол хэсгийг “Баруун хүрээ” хэмээн нэрлэх болжээ. Хожим Шанх уулын өвөр талд байрших болсноор Шанхийн хүрээ гэж нэрлэгджээ. Халхын их шүтээн Очирваань бурхан, Өндөр гэгээний баринтаг, номын хувцас, зарим бүтээл бурхад зэрэг ховор нандин үнэт өв, эд зүйлс хадгалагдан үлдсэн.

Соёлын биет бус өвд бүртгэгдсэн монгол уран бичлэг болон уламжлалт монгол бичгийг гайхамшигтай урлаг болгож олон нийтэд таниулан сурталчлах, баяжуулах, сургах, өвлүүлэх, үнэлэмжийг сэргээх, хадгалан хамгаалах зорилгоор "Эрдэнэсийн Хүрээ" урлаг, уран бичлэгийн /калиграф/ төв ажилладаг.

Аялал жуулчлалын салбар нь сумын эдийн засгийн чухал хэсэг бөгөөд Орхоны хөндийн түүхийн дурсгалт газрууд, эртний нийслэл Хархорум хот, булш хиргисүүр, ховор нандин хөшөө дурсгал, хаднаах дурсгал, бичээс археологийн зүйл бүрийн үнэ цэнт олдворууд, нэн баялаг соёлын өвөөрөө дотоод,  гадаадын жуулчдын сонирхлыг татдаг.

Суманд 31 жуулчны бааз, аялал жуулчлалын цогцолбор, 8 зочид буудал ажиллаж, жилдээ гадаад, дотоодын 70,000 гаруй жуулчин хүлээн авдаг. 

Сүүлийн жилүүдэд улс, орон нутгийн төсөв, хувийн хөрөнгөө оруулалт хийгдэж нийгэм эдийн засагт  томоохон өөрчлөлт гарч байна.Үүнд.

- Хархорум музей, Эрдэнэзуу музейг холбосон аялал жуулчлалын гудамжийг ашиглалтад оруулснаар үйлчилгээ эрхлэгчид тав тухтай орчинд ажиллах нөхцөл бүрдэж, жуулчдын зорчих урсгал нэмэгдэн, орон нутгийн аялал жуулчлалын хөгжилд бодитой хувь нэмэр орууллаа.

- Төмөр хайс, асфальтан хучилттай 1200 метр урт гүйлтийн зам бүхий үерийн хамгаалалтын далан байгуулсан нь иргэдийн чөлөөт цагийг идэвхтэй өнгөрүүлэх, тогтмол хөдөлгөөн хийх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд эерэг нөлөө үзүүлж байна.

- 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилгыг улсын төсвийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулсанаар сумын 13,000 гаруй, тойргийн сумдын (Өвөрхангай, Архангай, Булган) 28,000 гаруй иргэнд төрөлжсөн нарийн мэргэжлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх нөхцөл бүрдээд байна.  

- Ерөнхий боловсролын Орхон сургуулийн 320 хүүхдийн хичээлийн барилгыг ашиглалтад оруулснаар орон нутгийн хүүхдүүдэд стандартын шаардлага хангасан боловсролын орчин бүрдэж, суралцах нөхцөл сайжирч байна.

- Кино театр бүхий хүүхэд, залуучуудын ордныг ашиглалтад оруулснаар орон нутгийн хүүхэд, залуучуудад соёл, урлаг, ур чадвар хөгжүүлэх таатай орчин бүрдэж байна.

- Orkhon mall, Номин худалдааны төв, СU сүлжээ дэлгүүрүүд ашиглалтад орж, салбараа нээснээо орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой, томоохон өөрчлөлт гарч байна.

- Суманд 9 давхар 47 айлын, 6 давхар 32 айлын, 5 давхар 25 айлын орон сууц ашиглалтад орсноор иргэдийн орон сууцны хүртээмж нэмэгдэж, амьдрах орчин сайжирч байна.

Цаашид нүүдлийн болон эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, цахим хот болохоор зорилт тавин ажиллаж байна.

Усан хангамж,ариутгах татуурга
    Хархорин сумын төвийн усан хангамжийн төвлөрсөн систем нь 2012 онд ашиглалтад орж “Хархорин -Ус суваг” Орон нутгийн өмчит ХХК нэртэйгээр үйл ажиллагаа явуулан иргэд, аж ахуй нэгж байгууллагыг ундны усны эх үүсвэрээр ханган ажиллаж байна.  Дээрх байгууламж нь 30,0 мянган  хүн амыг хангах хүчин чадалтай, гүний 2 худгаас усаа татаж 500 метр кубийн багтаамжтай 2 усан санд төвлөрүүлэн 6  ус түгээх байраар иргэдэд ундны усыг түгээж байна. Сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа 46  аж ахуй нэгж, төсөвт байгууллага цэвэр усны шугамд холбогдон гадаад, дотоод холболтуудаа хийлгэн үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна.  
 Мөн сумын төвийн усан хангамжид зориулагдсан 6 гүний худаг, аж ахуй нэгж байгууллагын дотоодын хэрэгцээнд 15 гүний худаг тус тус ашиглагдаж байна.

Орон нутгийн хөгжлийн сангийн 28.050.000 төгрөгөөр санхүүжилтээр Вангийн овоо, Эрдэнэ толгой баг, Ганган Орхон багийн усан сангуудад ухаалаг худгийн төхөөрөмж суурилууллаа. Тус төхөөрөмжийг суурилуулж, төлбөрийн картын системд шилжсэнээр цагийн хязгаарлалтгүй болж, иргэд 7 хоногийн 24 цагийн аль ч үед усаа авах боломжтой болж байна.Мөн төлбөрийн нарийвчилсан систем, тоног төхөөрөмжийн ажиллагаа сайжирснаар усны үргүй зардал буурч, ундны усны хангамж хүртээмж сайжирна.

    Орон нутгийн хөгжлийн сангийн 27.2 сая төгрөгийн санхүүжилтээр Жалбаа багт инженерийн хийцтэй 50м гүний худгийг барьж ашиглалтад орууллаа.Тус худаг ашиглалтад орсноор 20 гаруй өрх ундны усаар хангагдаж, 10000 гаруй толгой мал услах боломжтой болж байна.

2024 онд  орон нутгийн хөгжлийн сангийн 20,472,200 төгрөгийн санхүүжилтээр Вангийн овоо багт 2 ухаалаг худгийн төхөөрөмж суурилууллаа. 

Ариутгах татуурга:
          Хархорин хотын ариутгах татуургын төвлөрсөн шугам сүлжээ нь 1979онд ашиглалтад орон 2012 онд дахин засварлагдсан. Бохир усны насос станц нь CD18/56 маркийн хоёр насостой, насос станц нэг маягийн зургаар баригдаж, засварлагдан ашиглалтад орон одоогоор үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна.

Цэвэрлэх байгууламж: 

       Хархорин хотын цэвэрлэх байгууламж нь энгийн биологийн цэвэрлэгээтэй цэвэрлэх байгууламжаас бүрдэнэ. Үүнд: Хүлээн авах камер, 2 үет тунгаагуур 1 ширхэг, диаметр 9 м, 80х100 метрийн харьцаатай 2 ширхэг шүүрүүлэн карт орно  Сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа 46  аж ахуй нэгж,  төсөвт байгууллага бохир усны шугамд холбогдон гадаад, дотоод холболтуудаа хийлгэн үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна.  

НИЙГЭМ
       Орон сууцны хангамж :

Одоогийн байдлаар нийтийн орон сууцанд  230 өрх амьдарч байна. 2019 онд 41 айл, 2020 онд 18 айлын нийтийн орон сууц, 2021 онд  60 айлын орон сууц, 48 айл орон сууц, 25 айлын орон сууц, 24 айлын орон сууц баригдаж ашиглалтад орсон төвийн инженерийн шугам сүлжээнд холбогдож ашиглалтад орлоо.Хауыс  хороололд амины орон сууц ашиглалтад орж жилээс жилд орон сууцанд амьдрах иргэдийн тоо нэмэгдэж байна. 

а). Нийтийн орон сууцны 1- 5 давхар сууц

б). Гэр, хувиараа барьсан энгийн сууц, амины орон сууц гэсэн үндсэн 3 төрөл байна.1970-1980-аад оны үед сангийн аж ахуйн ажилчдад зориулж барьсан 2 айл, 8 айл, 12 айлын сууцууд бүгд инженерийн шугам сүлжээнд холбогдоод байна.

2024 онд Ганган Орхон хороолол 17в байр 25 айлын орон сууц, Ганган Орхон баг Орхон таун орон сууц, Ганган Орхон хороолол 9 давхар 46 айлын орон сууц ашиглалтад орж цэвэр бохир шугамд холбогдсон.

       Боловсрол :

              Ерөнхий боловсролын 4 сургуульд 169 багш, 3073 хүүхэд суралцаж, хамран сургалт 100 хувьтай байна. Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль дээр тусгай хэрэгцээтэй хүүхдийн хөгжлийг дэмжих төв ажилладаг. Ерөнхий боловсролын сургуульд жилд дунджаар 370 гаруй хүүхэд элсэн орж, 350 гаруй хүүхэд төгсдөг ба энэ үзүүлэлт жилээс жилд өсөх хандлагатай байна. ЕБС-ийн нэг багшид 20 хүүхэд ногдож, анги дүүргэлт 90 хувьтай байна. Ерөнхий боловсролын сургуулийн системд 254  багш, ажилчид ажиллаж, хамран сургалтын хувь 99,7  байна.  Орхон цогцолбор сургуулийн дотуур байранд 151 хүүхэд, Номын хүрдэн сургуулийн дотуур байранд 88 хүүхэд, Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн дотуур байр 100 хүүхэд  байрлаж амьдрах шаардлагатай хүүхдийн 80 орчим хувийг хангаж байна. 

            Сургуулийн өмнөх боловсролын 6 цэцэрлэгт 36 багш, 963 хүүхэд суралцаж, хамран сургалт 94,0 хувьтай байна.  

 Эрүүл мэнд :

Сумын хэмжээнд эрүүл мэндийн  Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв, болон 9 хувийн эмнэлэг  эмнэлгийн үйлчилгээг иргэдэд хүргэж тэдгээрт 112 хүн ажиллаж байгаагийн  41 нь их эмч байна. Өрхийн эмнэлэг нь өөрийн үйлчлэх хүрээний 9542 иргэнд эмнэлгийн анхан шатны үйлчилгээг үзүүлж байна.2021 онд Додо шүдний эмнэлэг ашиглалтад орсон, 6  эмийн сан үйл ажиллагаа явуулж байна.   Нэгдсэн эмнэлгийн амбулаториор жилд дунджаар 32466 гаруй хүнд үзлэг хийж, 7 үзүүлэлт бүхий шинжилгээг 45578 иргэнд давтан шинжилгээ хийж,  жилд дунджаар 2675 өвчтөнийг хэвтүүлэн эмчилдэг. Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг нь 4 их эмч, 4 сувилагч, 1 үйлчлэгч, 5 жолоочтой. Жилд дунджаар төвийн 2243, алсын 266 дуудлагыг хүлээн авч нийт 2509 дуудлагыг гүйцэтгэдэг.

       Соёл, спорт :

        400 хүний суудалтай соёлын төв нь Улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2019 онд ашиглалтад орсон. Нийт 1056 м/кв талбайтай ба 1 давхартаа үзвэрийн заал, хувцас солих өрөө 2, өлгүүр, хөгжмийн өрөө, цахилгааны өрөө, эр, эм, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ариун цэврийн өрөө, жижүүрийн өрөө зэрэг нийт 7 өрөө танхим, 2-р давхартаа бүжгийн танхим, орон нутаг судлах танхим, эрхлэгчийн өрөө, уншлагын танхим, фонд, сургалтын өрөө, ариун цэврийн өрөө зэрэг нийт 9 өрөө танхимтай үйл ажиллагаа явуулж байна. 

Соёлын төв нь 8 орон тооны ажилтантайгаар, урлаг соёл, сургалт сурталчилгааны ажлыг олон талт хэлбэрээр зохион байгуулж ирлээ. Жилдээ дунджаар 25-30 нэр төрлийн ажил зохион байгуулан давхардсан тоогоор 12000 гаруй иргэдэд үйлчилгээг үзүүлэн өөрийн орлогын төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлж ирлээ. Хүүхэд залуучуудын авьяасыг хөгжүүлэх 6 төрлийн дугуйланд 80 гаруй хүүхэд хичээллэж байна. Сумын соёлын төвийн номын сан нь 6053 номын фондоор иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Фондын номыг 100% цахим мэдээлэлд оруулсан байна. 

        Түүх соёл,аялал жуулчлал
               Орхоны хөндийн түүхийн дурсгалт газрууд эртний нийслэл Хархорум хот, Эрдэнэ зуу музей зэрэг олон түүх соёлын газруудаараа Монгол улсад төдийгүй гадаадын зочид, жуулчдын сонирхлыг зүй ёсоор татаж байгаа бөгөөд аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна.
            Орхон голын хөндий нь түүх соёлын дурсгалаараа монголд төдийгүй ази тивд дээгүүр байр эзэлдэг өлгий нутаг юм. Мянган дурсгалт Орхоны хөндий хэмээн нэрлэсэн нь эрт дээр үеэс хүн амьдарч суурьшиж байснаас улбаалан өөрсдийнхөө үйл амьдралтай холбоотой хэдэн зуун хөшөө дурсгалыг үлдээжээ. Энэ бүхэн нь Монгол улсын түүхэн үнэнийг тодорхойлох үнэт дурсгал болохын зэрэгцээ аялал жуулчлал хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна.
            Дэлхийн Өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газар болон Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хоттой холбогдолтой түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах, судлах, сурталчлах үүрэг бүхий "Хархорум" музей ажиллаж байна.
Түүх соёлын дурсгалууд:

- Эрдэнэ зуу музей,хийд

- Хархорум  хотын  туурь
- Шанхын хийд
- Мойлтын  ам
-  Орхон-7палеолитийн дурсгал
(62.000–20.000  жилийн  өмнө)
- Гүмбийн  дэнж  дэхь  буган  хөшөө  ба  эртний булш оршуулга
- Бага Эрээний хүн чулуу
- Бумбатын өврийн хүн чулуу
- Хархорумын нэгдүгээр монгол бичээс.
- Бага арцтын монгол булш
- Жаргалантын хиргисүүр.
- Маамуу толгойн булш
 

Хархорин сум нь аялал жуулчлалын томоохон төв бөгөөд дотоодын болон олон улсын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж 29 тохилог жуулчны бааз ажиллаж жилдээ 30000 жуулчин хүлээн авч байна.


ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА

     УИХ-ын 1994 оны  58 дугаар тогтоолоор аймгийн зэрэглэлтэй хот, 2003 оны 1 дүгээр тогтоолоор Хангайн бүсийн тулгуур төв хот болсон. 2004 онд Хангайн бүсийн тулгуур төв Хархорин хотын ерөнхий төлөвлөгөөг улсын төсвийн санхүүжилтээр хийж   Засгийн газрын 132  тоот тогтоолоор батлуулан хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.
            Хархорин сумын хэмжээнд  29129.86 га газрыг  6419 иргэн аж ахуй нэгж байгууллагын  өмчлөл, эзэмшилд олгоод байна.Үүнээс - 5320 иргэнд 436.88 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй, 20 иргэнд 3.98 га  газрыг  аж ахуйн зориулалтаар тус тус өмчлүүлсэн.

УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДСАН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ :
- Хархорин дахь Цагдаагийн хэлтсийн барилга
 
- Хархорин музей
 
-  Бага сургууль цэцэрлэгийн цогцолбор
 
- Нэгдсэн эмнэлгийн өргөтгөл
 
- Ганган Орхон, Эрдэнэ толгой багийн төв
 
- Цаг уурын станцын барилга
 
- Онцгой байдлын хэлтсийн  аврах гал унтраах 45-р ангийн барилга
 
- Эрдэнэ зуу музейн дуганы засвар, дохиолол хамгаалалтын системийн шинэчлэл
 
- Хархорин дахь Сум дундын 2-р шүүхийн барилга
 
- Инженерийн шугам сүлжээ,төвлөрсөн усан хангамжийн систем, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл

- Хархорин 4-р цэцэрлэг, 100 хүүхдийн цэцэрлэг
 
- 1,6 км хатуу хучилттай зам /Хот дотор/
 
- Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ерөнхий газрын  харьяа Хархорин дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 320  ялтны байр
 
- Бизнес хөгжлийн төв
 
- 200 м2 авто машины зогсоол
 
- Хархорин, Хужирт чиглэлийн хатуу хучилттай авто зам
 
- Номын хүрдэн сургуулийн барилга 

- Спортын ордон

- Соёлын төв

- Гүнзгий сургуулийн барилга

- 1-р цэцэрлэгийн барилга

-  Боломж бөөний төвийн барилга

- Хорго арвижих зочид буудал

-Их хорум зочид буудал

-Их оргил зочид буудал

-Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн дотуур байр

-4 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл барилга

-Ерөнхий боловсролын Орхон сургуулийн спорт заал барилга

-Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн спорт заал барилга

-Ганган Орхон баг 17 в байр орон сууц 25 айл

- Ганган Орхон баг Орхон таун орон сууц

-Ганган Орхон баг 9 давхар 46 айл орон сууц

 -  Элсэн тасархай, Хархорин чиглэлийн 77 км хатуу хучилттай замын шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн.

Чулуун яст мэлхий: 

Нэгэн цагт бидний өвөг дээдүүдийн нийслэллэн сууж байсан Их Монгол улсын анхны нийслэл Хархорум хотын туурийн орчмоос дөрвөн том чулуун яст мэлхий олдсон. Эдгээр мэлхийнүүдийг ямар учиртай хэдий цаг үеийнх вэ? гэдгийг мэдэх хүн цөөн бөгөөд зөвхөн тэдгээрийг судалсан эрдэмтэд л мэдэж байж болох юм. Иймээс тэдгээрийн учир шалтгааныг багахан ч болов тодруулж та бүхэнд хүргэж байна. Чулуун яст мэлхийнүүдийг саарал өнгийн боржин чулуугаар хийсэн, дунджаар 2.6 метр урт, 1 метр өндөр, 1.2 метр өргөн бөгөөд жин нь 10 тонн орчим юм. 

 

 

Хүсэлт илгээх